| Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн. Шалгалтаар томоохон үйлдвэрүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний шошго стандарт хангахгүй, хуурай сүүг цэвэр монгол сүү хэмээн иргэдийг төөрөлдүүлж, эрх ашгийг нь хохироосон зөрчил гарсан. Энэ дагуу зөрчлийг арилгах гурван сарын хугацаа ч өгсөн. Харин энэ сарын 2-нд үүрэг даалгаврын хангалт ямар байгааг дахин шалгажээ. Уг шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас хамтарч хийсэн байна. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Энхболдтой ярилцлаа. -Шалгалтад сүү үйлдвэрлэгч хэчнээн компани хамрагдсан бэ? -Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 11 үйлдвэр, дөрвөн импортлогч компани, гурван супермаркет хамрагдсан. Бүх аж ахуйн нэгжүүд их, бага хэмжээгээр зөрчилтэй байсан. Тухайлбал, “Монфрэш” компани “Биеэ бодоорой”, “Өүлэн эх”, “Витафит” компани “Өглөө”, “Сүү” хувьцаат компани “Аварга чанар”, “Элекстер” сүүг хуурай сүүгээр үйлдвэрлэж байсныг тогтоосон. Гэхдээ хуурай сүүгээр сүү үйлдвэрлэсэн нь буруу биш. Сүүний томоохон үйлдвэрүүдэд цэвэр сүү нийлүүлэх фермер ч алга байна шүү дээ. Гол нь тэд иргэдэд зөв мэдээлэл өгөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, сүүний найрлагад юу орсон талаар бодит мэдээллийг шошго дээр бичих ёстой. Гэтэл “Аварга чанар”-ыг хуурай сүүгээр үйлдвэрлэсэн атлаа тайлбартаа монгол үнээний цэвэр сүү хэмээн бичиж иргэдийг төөрөгдүүлсэн юм. Иймээс ч шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүд сүүний сав баглаа, боодлын шошгололт Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиас гадна Монгол Улсын стандарт савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага MNS САС 1:2007 стандартыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн. Тийм атлаа зөрчлөө арилгах талд хойрго хандаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахгүй байгаа нь Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг үл хүндэтгэсэн, бизнесийн өрсөлдөөний соёл, ёсзүй төлөвшөөгүй, нийгмийн болон хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй үйлдэл болж байна. -Шалгалтыг ямар журмаар хийсэн юм бэ? -Хэрэглэгчид тухайн сүүг монгол үнээний сүүг ариутган савладаг гэж боддог. Энэхүү буруу ойлголт, төөрөгдлийг Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний нийгэмлэгээс тодорхой болгож өгөөч гэж хүссэн юм. Мөн иргэдээс ирсэн өргөдөл гомдлын мөрөөр хийсэн. -Шалгалтын талаар манай сонинд гарсан мэдээллийн мөрөөр “Сүү” хувьцаат компаниас мэдэгдэл ирсэн. Үүнд ташаа мэдээ, биднийг уучлалт хүсэхийг шаардсан байсан. Мөн танайхаас хийсэн шалгалтыг хууль бус гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? -Энэ хяналт шалгалтыг Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 14.1.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 20.1, Төрийн хяналт шалгалтийн тухайн хуулийн 5.6, 10.9.8, Эрүүгийн тусгай ангийн хуулийн 169 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хийж гүйцэтгэсэн. Тэгэхээр бүх зүйл хуулийг дагуу явагдсан. -ХХААХҮЯ-нд энэ сарын 5-нд болсон хурлаар энэ талаар хэлэлцсэн гэж байсан? -Хурлаар сүүний үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнг холбогдох байгууллагуудад танилцуулсан. Мөн сүүний сав, баглааг стандартын дагуу болгох, шошго дээр сүүний найрлагыг үнэн зөв бичих тухай асуудлыг ярьсан. Түүнээс ХХААХҮЯ-наас манай шийдвэрийг хууль ёсны, хуулийн гадуур гэж үнэлэлт дүгнэлт өгөх хууль эрхзүйн боломж байхгүй. Мөн улсын байцаагчийн гаргасан “Сүүний томоохон үйлдвэрүүд зарим сүүгээ хуурай сүүгээр найруулсан атлаа шошго дээрээ цэвэр сүү гэж бичсэн байна” гэсэн дүгнэлт ч өөрчлөгдөхгүй. “Сүү” хувьцаат компанийн захирал шалгалтын үед зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчихаад одоо ингэж ярьж яваа нь ёс зүйгүй үйлдэл юм. Нөгөө талаас төрийн байгууллагыг үл хүндэтгэсэн хэрэг гэж үзэж байна. Тус компанид энэ дагуу торгууль ч тавьсан. -Сүүний технологийн тухайд нэг зүйлийг дахин тодруулъя. Тус компанийн сүүний бүх технологи нь хэвийн үнээний сүүгээр хийхэд зориулагдсан юм уу? -Тус компани хуурай сүүний болон шингэн сүүний гэсэн хоёр танктай. Иймээс “Аварга чанар”, “Элекстер” сүүгээ хуурай сүүгээр үйлдвэрлэдэг болох нь тогтоогдсон. -Тэгвэл эдгээр сүүний түүхий эдийг хаанаас оруулж ирдэг юм бэ? -”Аварга чанар” сүүний түүхий эдийг Шинэ Зеландаас оруулж ирдэг. Энэ нь гаалийн бүрдүүлэлт, тэмдэглэлээс нотлогдсон. Үүнийгээ ч удаа дараагийн уулзалтаар тус компанийнхан хүлээн зөвшөөрсөн. Хамгийн гол нь шошго дээрээ монгол үнээний цэвэр сүү гэж бичсэн нь иргэдийг төөрөгдүүлж байгаа юм. Харин “Элекстер” сүүг дотоодын хатаасан хуурай сүүгээр хийдэг юм билээ. Зарим сүүний шошго дээр тослог нь 2.5 хувь гэж бичсэн байдаг. Гэтэл шалгалтаар тослогийг шалгахад 0.5 хувьд хүрэхгүй байх жишээтэй. Энэ удаагийн шалгалт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж чадаж байна уу гэдгийг л голлон хянасан. Гэтэл хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүний талаар бодит мэдээлэл авч чадахгүй байгаа нь харагдлаа. Уг нь хэрэглэгч бараа бүтээгдэхүүний талаар бодит мэдээлэл авах эрхтэй. Мөн үйлдвэрлэгч бүтээгдэхүүний талаар олон нийтэд зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй. -Зөрчил гаргасан компаниудад хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ? -”Монфрэш”, “Витафит”, “Сүү” зэрэг 5-6 компанид мөнгөн торгууль тавьж, зөрчил арилгах хугацаа өгсөн. Мөн зарим бүтээгдэхүүнийг битүүмжилсэн. Заавар зөвлөгөө ч өгсөн. -Удаа дараа шалгалт хийгээд ч зөрчил арилаагүй гэлээ. Тэгвэл цаашид ямар арга хэмжээ авах вэ? -Хуулийн дагуу бүхий л арга хэмжээг авна. Энэ зөрчил арилтал шалгалт үргэлжилнэ. Хэрэглэгчийг удаа дараа хуурсан нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн эрүүгийн гэмт хэрэг шүү дээ. -Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шинэ байгууллага. Тиймэнс олон улсын байгууллагаас шударга өрсөлдөөний талаар туршлага судалсан зүйл байгаа юу? -Олон улсын өрсөлдөөний байгууллагуудаас туршлага судалж, хамтарч ажилладаг. Мөн ОХУ-ын Монополийн эсрэг хорооны даргын зөвлөх Kaчaлен өнгөрсөн сард манайд ажилласан. Тэр хүн тухайн үед ОХУ-т өрсөлдөөний байгууллага нь хэрхэн бизнесийн үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн оролцоог яаж хангадаг талаар мэдээлэл өгсөн юм. Харин одоо АНУ-ын USIAD-aac ирсэн зөвлөх, эдийн засагчтайгаа хамтран ажиллаж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар олон улсын өрсөлдөөн ямар чиг хандлага уруу явж байна, тэр зарчмаар цаашдаа ажиллана. Он гарсаар бид гурван ч төлөөлөгчийг урьж туршлага судалж ажиллаж байна. |